Moderator: mgl_300
Дөрөвдүгээр төрөх барина гэж өчнөөн жил ярьж байгаа. Гэтэл энэ хоёр намын байр ямар хурдан босч байна вэ?-
Төрөх эмнэлгээс хүүхэдгүй гарах шиг харуусал үгүй. Үрээ алдсан эх хүн л энэ зовлонг мэднэ. Тэр тусмаа эрүүл саруул төрүүлж, ангир уургаа хөхүүлчихээд хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж элгээ тэвэрч үлдэх шиг гачлан энэ хорвоод байхгүй.
Халуун хайрынхаа билэгдэл болсон анхны үрээ тэврэн авч, аав ээж гэх эрхэм алдрыг хүртсэн залуу хосын аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Монголын төр, тэр дундаа эрүүл мэндийн салбарт үерлэсэн хариуцлагагүй үйлдлээс болж дөрвөн нярай хорвоог орхиж, олон эцэг, эх бие сэтгэлээрээ хохирч үлдсэн гашуун явдал сэтгэл сэрдхийлгэсээр байна. Дуу хуур, инээд наргиан цалгиж байх нэгэн гэр бүл хөөр баяр дагуулан хорвоод ирсэн бяцхан үрээ алдчихаад сэтгэлийн зовлонд автаж, нулимсаа барьж ядан сууна. Алаг үрээ үнэрлэчихээд л алдчихсандаа 28 настай залуу эх Б.Алтансувд одоо ч итгэж чадахгүй явна. "Юунаас болов, яагаад" гэх асуултыг өөртөө тавихаас өөр юу ч хийж чадахгүй яваагаа тэрээр хэлж байв. Сүү нь татраагүй эхийн зүрх сэтгэл рүү өнгийх амар байсангүй. Аав, ээж нь охиныхоо сэтгэлийн зовлонг хуваалцаж, хамт байхтай бид таарлаа.
Монгол хүний амьд явах эрхийг алдагдуулж, бие сэтгэлийн хохиролд автуулчихаад бид шилээ маажаад, чив чимээгүй суусаар байх уу. Монгол төрийн хариуцлагагүй байдлын золиос болсон Б.Алтансувд болон түүний аав, ээжтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө харамсаж байгаагаа илэрхийлье. Үнэндээ танай босгыг давахад хүндхэн байлаа?
Б.Алтансувд: Би Украйнд байдаг. Тэр нутагт амьдраад арав гаруй жил болж байна. Өнгөрөгч зун амралтаараа ирэхдээ хүүхэдтэй болсноо мэдсэн. Анхны төрөлт учраас аав, ээжийнхээ дэргэд, эх орондоо төрсөн нь дээр гэж шийдсэн юм л даа. Тэгээд нөхрөө явуулаад өөрөө үлдсэн. Гурван сар болоод эмнэлгийн хяналтад орсон.
Шинэ жилийн үеэр төрөх байсан боловч илүү тээлттэй учраас 12 сарын 30-нд нэгдүгээр төрөхөд хэвтээд, 1 сарын 14-нд хийсвэр хийлгэж төрсөн. Төрөлт маань хэвийн явагдаж “4.050 гр эрүүл саруул, хөөрхөн охинтой боллоо” гэдгийг эмч хэлэхэд хязгааргүй их баярлаж, охиноо уйлахад нь өөрийн эрхгүй нулимс гарсан. Хийсвэр хийлгэсэн учраас эхний хоёр гурав хоногтоо сүү сайн ордоггүй юм билээ. Охин маань уйлаад л, мөөмөө хөхөөд, бусад нярайн адил зүв зүгээр л байсан.
Аав: Алдсан хүн арван тамтай гэгчээр юм юм л бодогдож байна. Тэр өдөр гурван эх амаржсан. Эхлээд өндөр даралттай, дараа нь хавдартай эхэд хагалгаа хийсэн бол гурав дахь нь манай охин байсан. Хавдартай эхийн дараа ороод ийм байдал үүсэв үү, яасан юм бол гээд элдвийн бодол толгойд эргэлддэг юм байна.
Манай хүүхдийг төрсний дараах хоёр дахь хоног дээр халуурч байна гээд эмч нар нэгдүгээр сарын 15-нд төрсөн хүүхдүүдтэй нэг өрөөнд оруулчихсан байсан. Энэ өдөр төрсөн эхчүүд бүгд хийсвэр хийлгэсэн, бас хүүхдүүд нь өвдсөн гэхээр бас л сонин. Манай хүүхдийн бие муудаж эхэлсэн өдөр буюу бүтэн сайн өдөр нэг нярай нас барсан. Эмч нар “Яагаад хагалгааны хүүхдүүд өвдөөд байна вэ” гээд сандралдаад байсан. Гэтэл бүтэн сайн өдөр хүүхэд нас барсан гэдгийг тэд хэлэхгүй, нууцлаад байна.
Б.Алтансувд: Угаасаа тэр хүүхэд миний нүдэн дээр өнгөрсөн. Тэр явдлын дараа би охиныхоо дэргэдээс салахыг хүсээгүй. Хөл нь хүйтэн болчихсон байсан учраас хөлийг нь бариад зогссон. Миний хүүхдийн бие муудаж байгаа нь хэн ч харсан ойлгомжтой болоод ирсэн. Эмч нар эхлээд ямар өвчин гэдгийг мэдэхгүй байсан. “Энэ халдвар маш хурдацтай явж байна. 72 цагийн дотор ургуулж, хариу гарна. Ер нь бол хүйн халдвар биш” гэсэн.
Гэтэл маргааш нь сонинууд дээр хүйн халдвар болох тухай гараад эхэлсэн. Харин эмнэлгийн үүдэнд засвар хийх тухай зарлал наагаад эмнэлгийг хаасан байсан. Биднээс нуухын оронд “Ийм асуудал үүсчихлээ” гэж анхнаасаа үнэнээ хэлээд хамтдаа тэр бүхнийг хэрхэн давах талаар ярилцаж болох байсныг аав эмч нарт хэлсэн. “Халдвар гадагшилж байна, одоо хэцүү болчихлоо. Энэ бол онц халдвар. Бид яг юу болохыг нь мэдэхгүй байна. Эхээсээ байж магадгүй” гэх утгатай үгийг эмч аав, ээжид хэлсэн байсан. Шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэсэн гэхэд “Шүд, хоолой нь ч юм уу өвчлөөгүй юу” гээд дайраад байсан нь тэдэнд хүндээр туссан гэж байсан. Охиныг маань бүтэн сайн өдөр муудахад хүчилтөрөгчийн аппаратад оруулсан боловч гурав дахь өдөр тэр аппаратаас гаргасан.
-Яагаад тэр вэ?
Б.Алтансувд: Эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн ганцхан аппарат байдаг юм билээ. Тэр аппаратаас гаргахад л хүүхдүүдийн бие ямар болох нь ойлгомжтой. /нулимс цийлэгнэв/ Өөр нярай муудахад хүүхдээ аппаратаас гаргахгүй гэх эрх бидэнд байхгүй. Харгис гэмээр л байдал тэнд болж өнгөрсөн. Намайг 12 сарын 30-нд эхо-д харуулахад эхийн урагт өөрчлөлтгүй, ус нь зүгээр гэсэн. Тэр даруй эмнэлэгт хэвтэхэд гар угаадаг угаалтуураас бохирын муухай үнэр үнэртэж байсан. Тэгээд ч тэрүү биеэр юм туураад эхэлсэн. Эмчид хэлтэл “Болохгүй юм идчихсэн үү” гэхээр нь зүгээр болчих байх гэж бодоод тэгсгээд өнгөрсөн. Одоо бодоход миний хэвтсэн өрөө бүр угаалтуурын дэргэд байсан юм билээ.
Аав: Төрөх өрөөнүүд маш халуун. Тийм орчинд нян амархан үржинэ. Агааржуулалтын систем тэнд бараг л байхгүй байх. Тухайн өрөөнд байгаа хүүхдүүдийн бактерыг сороод авчихдаг, хүүхдүүд бие биенийхээ халдвараар өвчлөхгүй байх орчинд л нярай хүүхэд амьсгалж байх учиртай. Гэвч тийм байж чадаагүй. Охинд хоол явуулахаар халуун сав, торонд нь хөгцөрсөн үнэр шингэчихсэн ирээд байсан. Тэр бүхнийг нь сайтар угаагаад очиж байснаас тийм халдвартай бохир орчинд хөгцний үнэр гарч байсныг гадарлаагүй.
Өрхийн эмч “хүүхдийг нь үзье” гэсээр гэрт нь очжээ
Аав: Хоёр хүүгээ нэг дэх өдөр эмнэлгээс гаргана гэж байсан. Гэтэл хүүхэд маань бүтэн сайн өдрийнхөө шөнө гэнэт муудаж, охин шөнийн дөрвөн цагт утасдсан. Бид хоёрыг очиход хүүхдийн биеийн байдал ерөнхийдөө тодорхой болчихсон байсан даа. /удтал дуугүй суув/ Нүүр, хөлөөр нь битүү юм туурч, нүд ам нь ч мэдэгдэхээргүй болсон. Бөөн вакцин, эм тариа хийж байсан болохоор эхлээд бид вакцинаасаа болоод халуурч байна гэж бодсон. Тэгээд эмчтэй уулзтал “Ерөнхийдөө найдваргүй болчихлоо. Гэхдээ ганц арга үлдсэн. Их л үнэтэй эм авах болох нь дээ, тэр эмийг хийгээд л дуусдаг” ухааны юм ярьсан. Тэр даруй гарч гүйгээд иммуноглобулин эмийг удтал хайсны эцэст олж очсон. Түүний дараа манай хүүхдийн нүүрний тууралт багасаад, халуун нь буураад эхлэхээр сэтгэл тайвширсан ч харамсалтай нь дэндүү их цаг алдсан байсан.
Анх халуурахад нь тэр эмийг авсан бол гэх бодол төрж байгаа. Ийм ноцтой асуудал үүсэхэд манайд бактерийн эсрэг эм тариа байхгүй юм билээ. Бүхэл бүтэн улсын эмнэлэгт шаардлагатай, ховор эм тариа нөөцөлсөн байх ёстой шүү дээ. Эмч нарт гомдохгүй, Тэд чадах бүхнээ хийсэн. Харин Сангийн яам, Эрүүл мэндийн сайд хариуцлага хүлээх ёстой. Тэр эмнэлэгт шаардлагатай эм, тариа, дусал бүр шприц байгаагүй. Үнэндээ манай эрүүл мэндийн салбар ингэтлээ дор орчихсон гэж мэдээгүй. Ампициллин ч байхгүй эмнэлэг гэж байх уу даа. Энэ бол төсөв хөрөнгийг нь баталж өгдөггүй төр засгийн буруу.
Тэрбум, тэрбумаар нь өөрсдөдөө авдаг атлаа эмнэлэгт шаардлагатай эм тариаг бэлэн байлгаж чадсангүй. Бид яахав шаардсан эм тариаг нь авч өгч чадаад байна. Гэтэл "Одоо дахиж юм битгий нэхээрэй. Би мянгахан төгрөгтэй үлдчихлээ" гээд төрөх дотор байгаа эхнэртэйгээ ярьж байгаа залуу миний дэргэд зогсч л байсан. 24 цаг юм идэхгүй, эхнэрээ сахиад явж байгаа хүнийг ч харсан. Амьдрал хэцүү хүн тэгээд яах вэ. Тариа дутуу хийлгэнэ гэдэг эмчилгээ дутуу хийнэ гэсэн үг биз дээ.
Ээж: Зөвлөх эмчтэй нь гурван цаг хүлээж байж нэг юм уулзсан. Гэтэл тэр хүн дотоод асуудлаа сайн мэдэхгүй байсанд үнэндээ гайхсан. "Хүүхдийг чинь 280 мянган төгрөгийн маш үнэтэй эмээр эмчилж байгаа” гэхээр нь "Бид өөрсдөө тэр эмийг авчирсан шүү дээ" гэтэл хажууд байсан эмчдээ "Тэгвэл эд нарт нэг эм өгчих, та нар эмийн сандаа буцааж өгөөд мөнгөө авчих" гэсэн. Бид тэр хүнтэй мөнгө ярих гэж ороогүй шүү дээ. Гэтэл нөгөө хүн нь "Эмч ээ, ганцхан ширхэг л байгаа" гэж байгаа юм.
Халдвар эмнэлгээр тархчихаад байхад ганц ширхэг тариатай суусан. "Шинж тэмдэг нь тодорхой биш байна гэх юм. Яг юу болоод байгаа юм бэ" гэхэд зөвлөх эмч "Бид мэдэж байна. Ханиахад л халдварлах агаар дуслын өвчин. Агаарын дээж авахад хариу нь муу гарсан. Та нарт хэн ийм яриад байгаа юм бэ" гэж бухимдсан.
-Уучлаарай, энэ тухай аавд нь дуулгасан уу?
Б.Алтансувд: Украйнд амьдардаг болохоор нөхөр маань охиноо төрсөн өдөр нэрийг нь өгчихөөд явсан. Энэ тухай аав, ээж маань дуулгасан даа. Одоо бол байнга утсаар ярьж байгаа. "Нэгэнт ийм явдал болсон учраас биеэ сайн бодоорой. Сэтгэл санаагаа хянаж, тайван байгаарай. Залуу хүмүүс учраас дахиад хүүхэдтэй болно" гээд л...Есөн cap хүсч хүлээсэн, анхны үр минь байсан юм. /нулимсаа арчив/ Аав, ээж хоёр маань "Өвөө эмээ болох нь" гэж баярлаад хөл хөөрцөг болчихсон, баахан хүнд тараачихсан байсан.
Аав: Хүүхдээ алдсан өдөр охиноо эмнэлгээс шууд гаргасан. Тэрнээс хойш хаана, хэнд хандахаа мэдэхгүй явна, анхаарч байгаа хүн ч алга. Хийсвэрээр төрсөн учраас өрхийн эмнэлэгт боолтоо хийлгэхээр очтол "Энд хийхгүй, хувийн эмнэлэгт очиж хийлгэ" гэсэн. Бид ийм л төрийн хайр, халамжийг хүртэж байна. Эмнэлгээс гарсны дараа өрхийн эмч "Хүүхдийг нь үзье, төрчихсөн үү" гэсээр ирсэн байгаа юм. Тэр үед бид байгаагүй л дээ. Тэгэхээр энэ салбар чинь угаасаа дээд, доод, дунд шатандаа ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь харагдаж байна.
Монгол хүний үнэ цэнэ малаасаа дор үнэлэгдэж байгаад харамсч байна
Аав: Эрүүл мэндийн сайд гадаад руу эмчилгээ хийлгэхээр явсан гэсэн байх аа. /удтал дуугүй суув/ Хүний үнэргүй хүн юм даа. Эмнэлгээс гараад олон хонолоо. Бүхэл бүтэн дөрвөн эх сэтгэл санаа, бүх зүйлээрээ хохироод сууж байхад "Эхийн бие ямар байна" гээд нэг хүн асууж ирсэнгүй. Сайд дарга нар хөгжингүй оронд эмчлүүлж байхад ард түмэн эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй, баталгаагүй орчинд эмчлүүлж байна. Тэгээд болоогүй төрөх эмнэлэгт түрээсээр байрладаг гадны байгууллагуудыг гаргах тухай ярихад эрүүл мэндийн сайд "Мөнгө олдог учраас байж байг" ухааны юм ярьсан. Мөнгө л ярьж байна лээ. Төр засаг хүн алсны дараа л хоёр миллиард төгрөгөөр их засвар хийхээр боллоо. Дөрөвдүгээр төрөх барих асуудлыг шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрчихсэн атлаа энэ хоёр намын барилга ямар хурдтай баригдаж байна вэ. Ард түмэн энэ бүхнийг харж байгаа шүү. Хотын дарга Г.Мөнхбаярын толгойд ганц шугам хоолой л бодогдож байгаа байх. Барилгын асуудлыг цогцоор нь шийдэх тухай анхаараасай. Үргэлж бохироо алддаг шугам хоолой, 80 жилийн бохир нэвчсэн хөрсийг нь хүртэл цэвэрлэж, солих хэрэгтэй.
Ээж: Нэгдүгээр төрөхийн дарга Пүрэвсүх эмнэлгээ халдваргүйжүүлэх ажил хийж чадаагүй хариуцлагаа хүлээж, хамгийн түрүүнд халагдах нь тодорхой байх. Гэвч төр засаг түүнийг халж, эмнэлгийн засварт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн болоод энэ бүхнийг нам дарах бодлого барьж байвал харамсалтай. Дахиад олон хүүхдийн биеийн байдал тааруу байна. Энэ бол цаад утгаараа үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл явдал болсон. Бид үр хүүхэд, сэтгэл санаа, бие махбодиороо хохироод үлдлээ. Төр засгийн буруугаас болж хохирсон иргэддээ нөхөн төлбөр олгох явдлыг хуульчилж өгөх хэрэгтэй. Хүүхдээ алдчихаад мөнгө нэхэж байна гэж зарим нь ойлгож байж мэднэ. Гэвч энэ тийм биш. Ард түмнийхээ үнэ цэнийг тогтоож өгөхгүй бол ардчилсан улс гэж яваад ч яахав. Иймд төрийн хариуцлагагүй байдлаас амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах хууль эрх зүйн орчинг бий болгох ёстой. Тэгэхгүй бол ард түмэн маань цаашид ч хариуцлага хүлээх эзэнгүй, тэгэс ингэсхийгээд намжааж, аргацаасан Монгол төрийн арчаагүй байдлын золиос болсоор суух байх.
Аав: Бохирын шугамнаас л ганц боллоо гэж эмч нар арьсаа хамгаалж эхлэнэ. Тэгэхээс ч аргагүй. Миний охинтой шоронгийн харгалзагч хамт төрсөн байсан. Тэр эмэгтэйн ярьснаар бол эмэгтэйчүүдийн хориход эмч нар маш ихээр хоригддог гэсэн. Бодвол эмчийн буруу гээд л тэдэнд хариуцлага хүлээлгээд аваачаад хийчихдэг байх. Эмч, сувилагч, асрагч нарын цалинг нэмэх хэрэгтэй санагддаг. Гэдэс нь хонхолзсон, утсаар ярих нэгжгүй, унааны мөнгөгүй хүмүүс байдаг юм билээ. Бага цалинтай гэлтгүй тэд ажлаа сайн хийдэг. Энэ бол цэвэр Монгол төрийн хариуцлагагүй байдлаас болсон гэж хэлнэ. Иймд төр засаг хариуцлагаа шударгаар хүлээж, шийдвэр гаргах түвшний хүмүүс хохирсон иргэдтэйгээ уулзаж, хүнлэг байх хэрэгтэй.
Монгол улсын Засгийн газар хүний эрхийг зөрчиж байна. Монгол хүний үнэ цэнэ малаасаа дор үнэлэгдэж байгаад харамсч байна. Малын хоргодлыг төрийн хэмжээнд авч үздэг атлаа иргэдийнхээ амь насыг тоохгүй байна. Эрүүл мэндийн салбар нурчихсан учраас бидэнд амьд явах баталгаа алга. Эмнэлгийн бохирын хоолойноос болж нярай хүүхдүүд эндсэн гэж байгаа бол тэднийг цаазалж байгаагаас ялгаагүй. Миний охины анхны үрийг Монголын төр цаазалчихлаа. Эмнэлгийн байгууллага эх хүүхдийг эрүүл саруул хүлээж авсан шигээ элэг бүтэн хүлээлгэж өгөх ёстой. АНУ-д нэг хүн төрүүлэхэд 20 мянган ам.доллар төлөвлөдөг бол Монголд 6000 төгрөг байдаг гэж сонссон. Бүхэл бүтэн нэг хүн 6000 төгрөгийн л үнэтэй юм байна. Цаашид ийм зүйл битгий давтагдаасай гэж хүсч байна. Шийдвэр гаргах төвшний хүмүүс уулзах байх. Хүний эрхийн төлөөх байгууллагууд ч энэ талаар хөөцөлдөж эхлээд байгаа сурагтай. Энэ хохирол мөн үү, биш үү. Тэдний үгийг сонсмоор байна. Төр засаг ямар арга хэмжээ авахыг харъя. Тэр цагт хэрхэхээ шийднэ.
эргүү ЛАМБАА ЦОЛМОН 2-биэндээ дурласан ажлаа мэддэггүй малуудыг зайлуулаасай