Moderator: mgl_300
Нойр хулжин шөнө орондоо хөрвөөн хэвтэхийн зовлонг амсч үзээгүй хүн ховор. Ганц шөнө хөрвөөн үүрээр арайхийн дугхийсэн бол яахав хэдэн өдөр дараалан тарчилбал яах вэ? Өөрөөр хэлбэл, та нойргүйдвэл яах вэ? Нойр муутай явсанаас организм ядарч, ажлын бүтээмж эрс буурдаг. Нүүр царай ч өнгөгүй харагддаг. Мөн уур уцаартай болно.
Нойргүйдлээс хамгаалахын тулд учир шалтгаан нь юунд байгааг эхлээд мэдэх хэрэгтэй. Ажлын ачаалал ихэдсэн, сэтгэл тавгүйтгэсэн муу мэдээ сонссон үед зэрэг олон шалтгаантай байж болно.
Ажлын ачаалал ихэдсэнээс толгой өвдөн нойргүйдэх нь олонтаа тохиолддог. Ийм үед аль болох ажил амралтаа зөв зохицуулахыг хичээж, ядаргаа тайлах иллэг хийгээрэй. Юун түрүүн долоовор болон дунд хуруугаараа нүдний зовхи хөмсөгний хооронд, чигчий хуруугаараа нүдний доод зовхи хавьцаа даран илээрэй. Мөн хуруугаараа шанаанаас чамархай хүртлээ илээрэй. Хуруугаараа эсвэл иллэгийн зориулалт бүхий самаар үсээ самнах маягаар иллэг хий. Эцэст нь хүзүү, мөрийг гараараа базах маягаар илээд үзээрэй. Эдгээр иллэг нь унтахын өмнө нойр хүргэх сайн талтай.
Ер нь хүнд ажлын дараа бат бөх сайхан унтая гэсэл холуун хүйтэн хосолсон шүршүүрт ороод орондоо орох нь хамгийн энгийн арга юм. Хэрвээ өрөө тасалгаа тань хангалттай хэмийн дулаантай бол шүршүүрээс гарсан нойтон биеэ орны даавуугаар ороон шууд хөнжилдөө шургаад унтаарай. Яг л манцуйтай хүүхэд шиг. Хааяа нэг ингэж унтах нь биеийг сайхан амраадаг.
Хэрвээ бүүр нойргүйдэн хөрвөөсөөр хоёр гурван цагийг өнгөрөөсөн бол босоод ямар нэг ажил хий. Индүүдэлгүй орхисон хувцаснуудаа индүүдэх ч юм уу, эсвэл ном унш. Гэхдээ телевизор үзэх хэрэггүй. Биологийн цагийн дагуу унтаж амарч байх ёстой тархи тань шөнийн ажлыг тийм ч удаан хийлгэхгүй.