Хонгорхон  шаргал  үстэй  аятайхан  бүсгүй

Өндөр  өсгийт  шаахай  хөлдөө  жийж

Өрнийхний  өмсдөг  жинсээр  гоёсон

Өндөр  биш  ч  гоолигхон  биетэй

Чамин  хийцтэй  эрдэнийн  шигтгээ  шиг

Тансагхан  бүсгүй  явсансан  та  минь

Амьдралтай  танийг  аргамжиж  заяасан

Ооны  эвэр  шиг  энхэр  хоёр  үрийнхээ  төлөө

Орчлонгийн  ээдрээт  амьдралд  өөрийгөө зольж

Овор  сууж  өтөл  нэмсэн  эжий  минь  ээ

Хайранд  чинь  өлгийдүүлж  өссөн  болохоор

Сэтгэл  минь  дэндүү  уяхан  байдаг

Харцаараа  зэмлэж  өсгөсөн  болохоор

Бодол  минь  дандаа  уужимхан  байдаг

Тэнгэрийн  мандалд  гялалзах  эрхсийн  тоогоор

Таныгаа  л  баярлуулахсан  хүсэл  минь  энэ

Тэнгэрийн  энгээр  хайрлаж 

Газрын  энгээр  жаргаах  гэсэн  юм аа

Тэгэвч  ээжээ  намайгаа  өршөө

Танхилхан  өсгөсөн  охины  чинь

Тэнхээ л  дутаж  мэдэх  нь ээ

Тэнүүн  магнайд  тань  шагласан  үрчлээс  бүхэнд

Тэнэгхэн  охины  чинь  алдаа  оноо  байгаа

Сэвлэг  үсэнд  тань  сувдрах  мөнгөн  утсанд ч

Миний л  гэх  гомдол  цөхрөл  бүгд  бий

Мэлмийг  минь  бүрхсэн  гунигийн  нулимсыг

Мөөмөөрөө  хурайлж  үргээдэг  сүүтэй  бурхан

Зүрхийг  минь  халгиах  жаргалын  совинг

Зөнгөөрөө  далласан  дээлтэй  дарь эх

Одонд  сүү  өргөж  орчлонд  намайг  даатгасан  ээждээ

Огторгуйн  түмэн  оддоор  сондор  хэлхэж  бэлэглэхсэн

Гэвч  таныгаа  гэсэн  охины  чинь  хайр 

Гялалзах  тэр  сондороос ч  тод  гэрэлтэнэ ээ  ээжээ