Ааштай орчлонгийн алган дээр
Аньсага нээхэд ижий байв
Наадамтай зуны гурван сардаа
Над руу шивэрсэн сүү байв
Нүгэлд дальдарч, буянд залбирч
Нүдээ нээхэд ижий байв
Сэрүүн намрын гурван сардаа
Сэтгэл рүү цутгасан сүү байв
Бүдрэхэд цуг шалбарч
Бүлээрэхэд цуг өвдөж
Бүдгэрсэн заяаг ариулж урссан
Бүүвэйн дуутай сүү байв
Гал элдэж, тулга тойроход
Гараа тоссон ижий байв
Зүүдэн өвлийн гурван сардаа
Зүрх рүү бударсан сүү болов
Жин одтой тэнгэрт цацал оршоож
Жийжүү дөрөөн дээр ерөөл үлдээж
Жил сараар урсаж одсон ижийгээ
урсаж асгарсан бие сүү ундарч урссан би сүү
Шивнэсэн маани, залбирсан чулуунаас
Ширгэсэн хөх, ивэлеэн зүүднээс
Шивэрч эхлээд шируүсч асгарсан
Би сүү
Бага насанд минь
Бараан юм байгаагүй
Цочиж сэрсэн зүүд хүртэл
Цалгиж асгарсан сүү
Алдаа минь хүртэл
Алдаж асгасан сүү
Биширсэн сэтгэл минь сүү
Бичсэн шүлэг минь сүү
Билиг авьяасминь сүү
Би өөрөө сүү
Дэлхий анх эргэхэд
Дэвсэж өгсөн эхийн сүү бий
Дээдэс анх төрөхөд
Дэнсэлж хөхүүлеэн эхийн сүү би
Сүлд шүтсэн сүүн ижээс
Сүү шиг урссан хүү би
сүү явсаар дуусна сулж явсаар уусна
Хүүхэд чинь төрөхөд
Хадагтай байх, сүү би
Хүү чинь гэрлэхэд
Хамтдаа байх, сүү би
Ирэхийн чинь бараанаар
Инээд алдан асгарч байдаг
Би сүүн бороо
Итгэхийн чинь заяанаар
Ирмэж алслан задарч байдаг
Би сүүн гялбаа
Мөчөөрхөл анх үүсэхэд
Мөөмөндөө гашлаагүй цагаан сүү би юм
Аз ихэрлэхийн цагт
Алд хадган дээр залаарай, тэр чинь би
Амьсгал огтлохын цагт
Аягалж амсуулаарай, тэр чинь би Би сүү
Дэлгэж барьсан хадагны чинь
Зол баярыг хуваалцах, би сүү
Дэрлэж унасан чулууны чинь
Зовлон гунигийг хуваалцах,
Би сүү Би сүү
Хучиж унтах шороонд чинь
Хур даллан шиврэх би сүун
тахил
Хувилж төрөх одонд чинь
Хувь заяа шивших би сүүн тахил
Бишрэл сүжиг минь сүү
Билэг авьяас минь сүү
Бичсэн шүлэг минь сүү
Бие сэтгэл минь сүү
Би өөрөө, сүү
Харанхуйг гэрлээр сүлнэ
Хагацахуйг учралаар сүлнэ
Харамсахуйг баяраар сүлнэ
Хан орчлонг өөрөөрөө сүлнэ